Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Өв залгамжлалын эрхийн талаар зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Өв залгамжлалтай холбогдох эрх зүйн харилцаа нь Монгол улсын Иргэний хуулиар зохицуулагдана. Өвлүүлэгч нь өв залгамжлалаа хуульд зааснаар болон гэрээслэлээр гүйцэтгүүлэх боломжтой. Иргэний хуулийн 522 дугаар зүйлд зааснаар иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно. Үүний дагуу та өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бусад этгээдэд өвлүүлэх тухай баримт бичиг буюу гэрээслэлийг бичгээр хийж, үйлдсэн газар, он cap өдрийг зааж, нотариатаар гэрээслэл хийсэн газарт, нотариат байхгүй бол баг, сумын засаг даргаар гэрчлүүлснээр гэрээслэл хүчин төгөлдөр болж, таны өмчлөлийн зүйлийг тухай этгээд өвлөн авах эрхтэй болно. Иргэний хуулийн 521 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн зарим хэсэг нь гэрээслэлээр өвлөгчид шилжсэн бол үлдэх хэсэг нь хууль ёсны өвлөгчид шилждэг. Хууль ёсны өвлөгч гэдэг нь өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнчлэн нас барсан хойно төрсөн хүүхэд байна. Гэрээслэл үйлдэлгүйгээр тухайн иргэн нас барсан бол түүний хууль ёсны өвлөгч хуульд заасан журмын дагуу өв залгамжлан авах эрхтэй байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө болон эрх өвлөгдөх бөгөөд өвлүүлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг хууль ёсны өвлөгч, гэрээслэлээр өвлөгчид өвлүүлж болно. Өв хүлээн авагч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцан гүйцэтгэх үүрэгтэй. Тодруулбал, өвлүүлэгч нас барахынхаа өмнө хэн нэгэн хүний өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу өртэй байсан, эд хөрөнгө өгөхөөр тохиролцож үүрэг болгосон байсан бол өв хүлээн авагч өвлүүлэгчийн хүлээсэн үүргийг өвийн хэмжээнд (өвийн үнэлэгдэх хэмжээний хүрээнд) үүргийг биелүүлэн төлбөрийг барагдуулах ёстой.
2018-05-28 02:02:41