Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би нөхрөөсөө салж байгаа юм. Бид бага насны 2 хүүхэдтэй. Нэг хүүхэд маань 7-н настай байнгын асаргаа шаардагдах өвчтэй. Нөгөө нь 2 настай. Надад дараах асуултууд байна. Нэгдүгээрт: Би хүүхдүүдээ өөрийн асрамжид авч үлдээж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байгаа. Би өөрөө байнгын ажилтай. Нөхөр маань харин аль нэг байгууллагын харьяалалтай үндсэн ажилтан биш. Гэхдээ сард хэд хэдэн удаа их өндөр цалинтай гэрээт ажил гүйцэтгэдэг ч зарим сард ажилгүй байдаг. Тэгэхээр хүүхдийн тэтгэмжийг хэрхэн тогтоох вэ? Хоёрдугаарт: Бидэнд гэрлэснээсээ хойш хамт амьдарч байгаа байр, машин, граж зэрэг гэр бүлийн дундын өмч байгаа. Байрны гэрчилгээн дээр миний нэр байдаггүй. Манай нөхөр түүнээс гадна нөхрийн талын хамаатан 2 хүний нэр гэрчилгээн дээр байдаг. Гэрлэлтээ цуцлуулахад дундын өмчийг хэрхэн хуваах бол?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүлийн гишүүд тэдгээрийн хоорондын эрх, үүрэгтэй холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөтэй холбоотой харилцааг Иргэний хуулиар тус тус зохицуулна. 1. Гэр бүлийн тухай хуульд 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулж байгаа, хүүхдээ тэжээн тэтгэх талаар хоорондоо санал зөрж маргалдвал тэжээн тэтгэх гэрээ байгуулах замаар маргаанаа шийдвэрлэж болно. Тиймээс та нөхөртэйгөө хүүхдийн тэтгэлгийн талаар харилцан тохиролцож болно. Хэрвээ энэ талаар тохиролцож чадаагүй бол маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүх энэ тохиолдолд хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн насны байдлыг нь харгалзан cap бүр хүүхэд тус бүрт дараах хэмжээгээр тогтооно. Үүнд: - 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; - 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр Хэрэв тэтгэлэг төлөгч нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй. Хүүхдийн тэтгэлгийг cap, улирал, хагас жил, жилээр, эсвэл нэг удаа олгож болдог тул та нөхрөө тогтсон ажилгүй боловч ийм ажил хийдэг талаар нэхэмжлэлдээ дурдах хэрэгтэй. 2. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нь 'гэрлэснээс хойш бий болсон тухайн гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө хамаарна. Иймд та болон танай 2 хүүхэд тус байр болон бусад хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах эрхтэй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд эд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох тул тус байрнаас танай нөхрийн талын хүмүүст мөн дундын өмч ногдоно. Тодруулбал, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг тул бүртгэлд нөхрийн талын хамаатны хүмүүсийн нэр дээр байгаа нь тухайн байрны өмчлөх эрх тэдэнд байна гэсэн үг. Гэр бүлийн эд хөрөнгийн талаарх маргааныг шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд та дараах баримтыг гаргаж өгөөрэй. Үүнд: - хууль ёсны баталгаатай буюу гэрлэлтээ бүртгүүлсэн тухай - цаашдаа хамтран амьдрах боломжгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах - маргааны зүйл болох эд хөрөнгө, орон байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох, түүний үнэлгээ ямар байхыг нотлох Шүүх дараах нөхцөл байдлыг харгалзан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд: - гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал; - хүүхдийн нас болон эрүүл мэндийн байдал; - маргаантай байгаа эд хөрөнгийг бий болгоход гэрлэгчдээс оруулсан хөрөнгийн болон хөдөлмөрийн оролцоо - гэрлэлт цуцлахад эхнэр, нөхрийн хэний буруу байсан; - гэрлэгчид хөрөнгөө зүй бусаар нуусан, ашигласан байдал зэргийг харгалзан гишүүн тус бүрт оногдох хэсгийг өөрөөр тогтооно. Гэрлэлт цуцлахад нэхэмжлэлтэй хамт эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэнэ.
2018-05-25 07:22:42