Энэхүү сайтыг бүтээхээр анх 2005 оны 8 дугаар сард шийдсэн юм. Домэйн нэрээ аваад судалгаа маягийн зүйл хийж суусаар нэг л мэдэхэд нэгэн жилийг ардаа орхисон байлаа. Ийнхүү судалж боловсруулсан сэдэв агуулгууд маань их өргөн хүрээ хамарсан олон талт мэдээллүүдийг цуглуулсан билээ.
2007 оны эхээр “Топуна”ХХК-ийн захирал Гүржавын Чинзоригт бүхий л материалаа танилцуулсанд тэрээр гарааны зардлыг маань гарган өгч вэб сайтын маань анхны загварыг ивээн тэтгэснээр 2007 оны 3 дугаар сард анхны хувилбараа гаргасан билээ. Би Чинзориг ахыг ЧИНЗО хэмээн авгайлдаг юм. Чинзо ах одоо УМХГ-т улсын байцаагч хийж байгаа бөгөөд тунгалаг Туул сэрүүн Сэлбэ тэргүүтэй цэнгэг ариун ус мөрнүүдийн сайн сайхны төлөө тэмцэж байгаа буянтай нэгэн.
Манай сайтын анхны загварыг “Вектор дизайн” –ы Нарангариг гэж залуу бүтээж өгсөн юм. Түүнд би өөрийн санаа зорилго хийцийн талаар захиалж улаан өнгө голлосон 1.0 загвараа аргасан юм. Харамсалтай нь энэ загварыг би өөртөө л зориулж хийсэн мэт болсон бөгөөд хэрэглэхэд хүндрэлтэй байгаа талаар олон саналууд манайд мэйлээр ирэх болсон юм. Үүнд Нарангариг буруугүй би л туршлага дутмаг байснаас ийм байдалд хүрсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ загвар маань хэд хэдэн удаа халдлагад өртөж жаахан барцадтай байсан нь ч үнэн. Анхны загварыг маань зохион бүтээсэн Нарангаригтаа сайтынхаа нэрийн өмнөөс аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөж байна.
Манай сайтын анхны баг Б.Сайнзаяа, Г.Даваахүү, Д.Одбаяр гэсэн залуусын баг ажиллаж байсан билээ. Тэд маань одоо өөр өөрийн чиглэлээр ажиллаж сурцгааж байгаа.
Сайт маань хэд хэдэн удаа эвдэрч байсан болохоор 2.0. загвартаа шилжихээр шийдсэн юм. М.Батмөнх захиралтай “Эм Би Эм Техноложи”ХХК-ийн хамт олноор хоёр дахь загвараа бүтээлгэсэн юм. Нэгэнт сайжруулсан загвар болохоор урьдын загвараасаа илүү гоёмсог бөгөөд мэргэжлийн талдаа сайт болсон. 2008 онд энэхүү загварт шилжиснээр манай сайтад хандагсдын тоо өсч 2 000 000 гаруй хандалтыг нэг жилд авдаг болсон байлаа.
Мэдээллийн технологийн мангасууд л гэж энэ залуусыг нэрлэвэл зохино. Манай сайтын хамт олон Батка захиралтай "Эм Би Эм"-ийнхэндээ үргэлж баярлаж байдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхны хүсэн ерөөж байна.
Манай сайтын хоёр дахь багийнхан маань Б.Мөнхзолбоо ахлагчтай залуус байсан бөгөөд тэд бүгд энэ жил төгсөх оюутнууд болохоор шалгалт энэ тэр гээд тун завгүй байгаа билээ.
2009 оны дунд үеэс эхлэн манай сайтын хэрэглэгчид надад янз бүрийн санал шүүмж ихээр ирүүлэх болсон юм.
Дахиад л асуулаа, судаллаа... Манай монголын програмистууд чинь одоохондоо эдийн засаг, санхүүгийн хамаарлаасаа шалтгаалаад үнэгүй хулхи програм, модуль сонгодог нь нууц биш... Тэгээд нөгөө Солонгос, Япон энэ тэр гэсэн улсуудын мэдээллийн технологийн том зах зээлийг хамгаалдаг Файрвол буюу “Галт хана”-нууд нь таниад зарим хэсгийг нь “Х” болгочихдог гэнэ ээ...
Хамгийн энгийн гарц бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн Опэн Соурс болох Жуумлад суурилан бүтээж эх загвар буюу Тэмплэтийг нь худалдан авах аргаар ажиллах нь оновчтой болсон юм.
Гэтэл http://www.n20.mn хаягаар Жуумлагийн монгол дахь албан ёсны төлөөлөгч “Нүүдэлчин” ТББ-ынхан ажилладгийг олж мэдлээ. Сэтгэл ч шулуудлаа. Монголчууд маань болоо шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээг албан ёсоор оруулаад ирдэг.
Манай сайтын 3.0. дахь загвар Жуумлад тулгуурлан бүтээгдлээ. Таалан соёрхоно уу. Одоохондоо энэ шийдэл л хамгийн саадгүй ,хурдан, оновчтой нь байна.
Эцэст нь хэлэхэд өнөө хүртэл бидэнтэй хамт байсан уншигч хэрэглэгчиддээ баярлалаа.