Бизнесийн ажлын гараа

2010 оны 6-р сарын 28, Даваа гариг, 21:01 Н.Цогжавхлан
Хэвлэх PDF
ХУУЛЬЧАА СОНГОЖ АВ: Бизнес бол итгэлцэл, түншлэл, харилцааны цогц мөн. Тэгэхдээ энэ бүхнийг эрх зүйн хэлбэрт оруулан бэхжүүлэн албажуулж авахгүй бол эрсдэл хохирол дагадгийг ямагт санах учиртай. Иймийн тул компанийн дүрмээ зохиох, байгууллагын дотоод журмаа бүтээх, ажлын байрны тодорхойлолт ба хөдөлмөрийн гэрээгээ бэлтгэхдээ мэргэжлийн хуульчийн зөвлөгөөнд үндэслэн хийж анхнаасаа хэвшээрэй. Тэгэхдээ гудамжинд энд тэндгүй тааралдах таван мянган төгрөгөөр өргөдөл бичиж өгдөг нөхдийг битгий сонгоорой, аль болох бие даасан үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа хууль зүйн компаниудтай удаан хугацааны түншлэлийн гэрээ байгуулах аргаар хамтран ажиллах нь илүү тохиромжтой. Өөрөөр хэлбэл анх үүссэн цагаасаа зан зангаа, түүхэн уламжлал, хөгжлийн гарцаа мэдэлцсэн хуульчтай болоорой л гэсэн үг. Наад зах нь арван сая төгрөгийн өртөгтэй гэрээг ямар ч эрх зүйн зөвлөгөөгүй хийсний улмаас үсгүй хусуулж байснаас  нэг зуун мянган төгрөгөөр л хянуулчих гэж зөвлөөд байгаа юм. Хамгийн энгийн бөгөөд тодорхой хэлэхэд бие даан бизнес хийх гэж л байгаа бол баруун гартаа хуулийн мэдлэгтэй түнштэй бай гэсэн үг.

БАЙГУУЛЛАГЫНХАА ХЭЛБЭРИЙГ ТОДОРХОЙЛ: Та өөрийн үйл ажиллагаагаа ХХК буюу Хаалттай Хувьцаат Компанийн хэлбэрээр явуулах уу? эсхүл ХК буюу Нээлттэй хувьцаат компани хэлбэрээр явуулах уу?
Өөрийн хөрөнгийг бусадтай нийлүүлэн нөхөрлөлийн зохион байгуулалтаар ажиллах уу эсхүл Хоршооны хэлбэр дээр үү? гэдгийг сонгон авсан хуульчтайгаа сайтар зөвлөсөн нь дээр. Уг нь бизнесийн хамрах хүрээ, зах зээлд эзлэх зорилтот байр суурь зэргээсээ дээрх хуулийн этгээдийн төрөл хэлбэрийг оновчтой хэлбэрээр анхнаасаа зөв ашиглах нь сайн талтай.
Хэрэвзээ таны үйл ажиллагаа нийгмийн сайн сайханд чиглэсэн, үйл ажиллагааны хүрээнд олсон орлогоо бүхэлд нь тухайн үйл ажиллагаа өргөжүүлэн тэлэхэд зориулах санатай өөрөөр хэлбэл олсон ашгаа нийгмийн үйл хэрэгт зарцуулах гэж байгаа бол нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллах нь бас зүгээр.
Хэсэг бүлэг хүмүүсийн урлан бүтээсэн зүйлийн орлогоор ажиллах эс бол гишүүдийнхээ эрх ашгийг нийгэмд төлөөлөн хамгаалах бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага үүсэгэсэн нь дээр.
Дээрх хэлбэрүүдээс  аль нь ч таныг нийгэмд өөрийн үйл ажиллагааг хүргэхэд тус бүр өөрийн онцлогоор дөхөм байх бөгөөд аль нь нэгнээсээ илүү эсхүл дутуу гэсэн ойлголт нэгээхэн ч үгүй билээ. Иймд сонгон авсан хуульчийнхаа зөвлөгөөнд үндэслэн аж ахуйн нэгжийнхээ төлөв байдлыг зөв тодорхойлоорой.

ӨӨРИЙН БИЗНЕСИЙГ БИЙ БОЛГОХ: Өөрийн үйл ажиллагааны өмнө үргэлж дуудагдах байгууллагын оноосон нэрээ сонгож улсын бүртгэлийн албаар шүүлгэн баталгаажуулж ав. Иргэний үнэмлэхтэйгээ очоод шүүлгэхэд л хангалттай. Өөр зүйл танаас нэхэхгүй.
Ийнхүү нэрээ баталгаажуулж авсны араас сонгосон төрөл хэлбэрт таарах хуулийн этгээдийг үүсэгэхэд шаардлагатай баримтыг бүрдүүлээд мөн л улсын бүртгэлийн албанд өг. Тэндээс танд “Шар хуудас” гэж нэршсэн өлзий хээтэй хуудас өгнө. Түүнийгээ бариад харъяа татварын албандаа очиж бүртгүүлж төрийн дансанд харъяалагдах замаа эхлүүлээрэй.

НЯГТЛАН БОДОГЧОО СОНГОЖ АВ: Энэ бол их энгийн боловч чухал сонголт. “Хамгийн нүүр бөөрөнхий, харамчийн нүүр хавтгай... Тэр хэн бэ?” гэсэн онигоо ч юм шиг оньсоготой таарч байсан байх. Тэр хүн бол Ня-Бо буюу нягтлан бодогч. Таныг хяналттай, хэмнэлттэй, зөв зарцуулалттай байхад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж данс хөтлөн татварын албатай шууд харилцах эрх бүхий этгээд. Сайн нягтлан байхад санаа зовох зүйл их багасдаг юм байна лээ. Энэхүү албан тушаал байгууллагын орлого зарлагыг хянаж эзнээсээ харамлан байж байгууллагаа босгодог эрхэм их үйлсийн эзэн. Юу ч хийгээгүй байж хуульч, нягтлан бодогч энэ тэрээр яах юм бэ? гэж зарим нөхдүүд адардаг л юм. Юм олох гэж байгаа л бол эхнээс нь зөв хий. Гарааны зардалдаа дээрх зардлаа тусга эс бол гэгээн өдөр гэрэл бариад ч төөрөм их давалгаа руу ганцаараа ороод ирэхийн цагт хаанаа алдаснаа ч мэдэхгүй тэвдэх нь энүүхэнд байдаг. Ийм тэвдсэн үед л эхнээсээ зөв байх минь яав даа. Ямар утгагүй гэрээ байгуулаа вэ? би ч дүүрсэн тэнэг юм хийж дээ эсхүл яагаад орлого зарлага тэнцэхгүй байна аа гэх мэтээр шаналах асуудал таныг орооно. Та сэтгэ, зүтгэ, итгэ харин тулгарч болох эрсдлээ мэргэжлийн хүмүүст даатга энэ бол хориннэгдүгээр зууны бизнес болохоос хорьдугаар зууны сүүлийн арван жилийн хугацаан дах нийгмээрээ суралдцаж байгаа үйлдвэрлэлийн дадлагын эрийн үе биш болсон. Цаашид ч бизнес эрхлэхэд тавигдах шаардлага өндөрсөх болно.

БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БЭЛТГЭ: Харийн орны туршлагаас харахад юу хийж үзэхээ сайтар төлөвлөөд тооцоолсны дараа сая хуулийн этгээдийн төлөв байдлаа сонгодог юм байна. Харин бидний дунд бол шууд компани үүсгээд л өөрөө захирал болоод л маргааш нь юу хийх вэ? гээд явж байх юм. Энэ цаг үе өнгөрсөн шүү найзаа. Бизнесийнхээ давуу ба сул тал, өрсөлдөгч ба дэмжигч, хүлээж байгаа ашиг ба эрсдэл зэргийг сайтар тооцоол гэсэн үг. Энэхүү бизнес төлөвлөгөө гаргах талаар жич зөвлөх тул манай сайтыг ухаж байгаад олоорой. Шууд линк холбох гэснээ болилоо ийм их бэлэн будаа идэж байж нэг ч гэсэн хайлт хийсэн нь дээр байх аа гэж Админы зүгээс үзлээ.

ХАРИЛЦАХ БАНКАА СОНГОЖ,БИЗНЕСИЙН ДАНС НЭЭХ: Сэтгэлдээ таалагдсан банкиндаа харилцах данс нээлгэ. Хэд хэдэн банк байсан ч зүгээр шүү. Ядаж л харилцаж байгаа байгууллага бүрийн харилцах данс байхаар тооцож бүх банкинд харилцах данс нээвэл төлбөр төлөлт ба орлого хүлээн авалт түргэсдэг сайн талтай л юм билээ. Хуучин бол аль ойрхон эсхүл олон салбартай энэ тэрийг хардаг байсан бол одоо бүгд онлайн холбогдож хаанаас ч үйлчилгээ авах боломжтой болсон болохоор санаа зовж тархи гашлах асуудал биш. Хэд хэдэн харилцах данстай байх нь хожоотой болохоос бус таны үйл ажиллагаанд чөдөр тушаа болохгүйг анхаараарай.

БИЗНЕС КАРТ АВ: Харилцаж байгаа банкнаасаа бизнес ангиллын бэлэн мөнгөний карт авааарай. Гэнэт мөнгө хэрэг болох бэлэн мөгөний төлөлт хийх зэрэгт асар их цаг хожно. Дурын “АТМ”-д ороод л мөнгөө ав. Байгууллагын чек зурах, итгэмжлэл бичих, гарын үсэг зурах, тэмдэг дарах элдэв ажлаас хөндий амар байдаг юм. Одоо тэгээд монголын бүх банкуудын “АТМ” нэг сүлжээнд орж байгаа гэдгийг танд сануулахад илүүдэхгүй биз. Гадаад дотоод худалдаа хийх гэж байгаа бол мөн л валютын карт ав. Ядаж л онлайн худалдаагаар ном авах, антивирусын програм авах энэ тэрд чинь маш хэрэгтэй. Тэр “Юнион Пэй” гээд юаний карт гарснаар урагшаа бизнес хийхэд их эвтэйхэн болж. Хятадын дурын АТМ-ээс мөнгө татах боломжийг энэ карт олгож байна шүү. Цаана чинь банкуудын үйчилгээ улам амар болж байгаа гэдгийг санаж тэдний бүтээгдэхүүний давуу тал болгоныг хэрэглэж сураарай.

БИЗНЕСИЙН ЗЭЭЛ АВАХ ХЭРЭГЦЭЭГЭЭ ТОДОРХОЙЛ: Өөрийн хөрөнгөд үнэлгээ хийсний үндсэн дээр яагаад ч таны хөрөнгө хагалттай бус санагдвал хэдэн төгрөгийн зээл хэрэгцээтэй байгаа талаар түрүүн төлөвлөсөн бизнес төлөвлөгөөндөө үндэслэн гаргаарай. Зээл бол хавх, хавх хавхан дотроос нэлээн сайн төлөвлөгдсөн “Сайн чанарын эд”. Өөрөөр хэлбэл та зээлд их найдаснаас өөрийн нөөц бололцоонд тулгуурлах нь илүү найдвартай арга шүү. Хамгийн гол нь зээлийн зарцуулалтаа юунд оруулах гэж байгаа зардлын хандалт талаас нь сайтар үнэлж аль болох шуурхай байдлаар эргэн орлого татан төвлөрүүлэх зүйлд л зарцуулах байдлаар тооцоолоорой. Мөн зээлийн хугацаа, эргэн төлөгдөх нөхцөл, үүргийн гүйцэтгэлийг хангах арга зэргийг нь сайтар судлаарай. Манай улсын аль ч банкны зээл шинэ бизнест ээлтэй бус зөвхөн хатуу нөхцлөөр хэд нугалан төлүүлэх хууль зүй, шүүх эрх мэдэл, төрийн засаглалын сүлжээгээр хамгаалагдсан махны машин байдгийг сайн санаарай. Тэд таны зээлийг судалж үзээд боломжийн гэж үзсэний үндсэн дээр зээл олгох атлаа гар дээр чинь тавьсан өдрөөсөө л хатуурхаж, хүү тооцож, шахаж шаардаж эхэлнэ. Зарим нь таныг зээл дөнгөж авмагц “Эхний хагас жилийн зээлээ одоо төлчих танд амар”  энэ тэр гэж санаа тавина. Үүний цаана банк эрсдлээ дарах л санаачлага байгаагаас бус хамтын хариуцлагын тогтолцоо байдаггүй бизнесийн моральгүй байдал байсаар байгаа нь шинэчүүдийг өндийлөгдөггүй болохыг санаарай. Хамгийн энгийнээр хэлэхэд Монголын минь банк санхүүгийн тогтолцоо томоохон ломбардын түвшинд ажилладаг нь харамсалтай.
Гадаадын хөрөнгө оруулалттай ч гэсэн бүтээн байгуулалтад аймшигтай их хөрөнгө оруулалт хийж байгаа “Чингис хаан банк”-ны “Төслийн зээл”-ийн нөхцлийг нэг анзаараарай. Тэд таны төслийг ирээдүйтэй гэж үзвэл шууд санхүүжүүлээд танаар удирдуулж, гэрээнд заасан графикийн дагуу төлбөр барагдуулалт хийж байгаад эзэнд нь үлдээх хувилбарыг баримталдаг офшор банк. Офшор гэдэг нь хадгаламж энэ тэр татахгүй, өөрийн хөрөнгөөр зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэсэн үг.  Тэдний босго өндөр ч хамтарч ажиллаж чадвал бас боломжийн хэмжээний партнёрууд гэж юм үзсэн хүмүүс ярих юм байна лээ.

ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГАА СОНГОЖ, БИЗНЕСИЙН ДААТГАЛД ХАМРАГДАХ: Их ч бай  бага ч бай бизнес бол эрсдлийн дэнсэн дээр тогтдог эдийн засаг, сэтгэл зүй, итгэл үнэмшлийн тулаан. Тийм болохоор өөрийн үйл ажиллагааг даатгалд хамруулах нь оновчтой. Даатгал хийх байгууллагын даатгалын нөхцөл, эргэн төлөлтийн хувь хэмжээ найдвартай ажиллагаа зэргийг судлаарай. Луг том бизнес яриад хүн дээр ороход таны хариуцлага хүлээх чадамжийг даатгагдсан байдлаар тань үнэлдэг тийм л нийгэмд бид хөл тавьж байна. Та хэдэн зуун мянгаас хэдэн тэрбум хүртэл бизнес хийх гэж байгаа бол таны арыг даах чадамж бүхий эрсдлийн менежер болох даатгалын байгууллага л амжилтын тулгуур болно. Даатгалын байгууллага бол банкнаас арай өөр. Тэд нөхөн төлөлт хийх хохирол хүлээхгүйн тулд эрсдлийг бууруулах тал дээр танд зөвлөгөө өгч ажиллаж чадахуйц нэгдмэл сонирхолтой талууд гэсэн үг. Хамгийн энгийнээр “Манай талын баатар” гэсэн үг. Бизнесийн эрсдлийн даатгал, бусдын хариуцлагын даатгал, гэнэтийн болон давагдашгүй хүчний даатгал зэрэгт хамрагдаад нэг удаад төлөлт хийхэд мянга дахин илүү хэмжээний хөрөнгийн хамгаалалт хийж байгаа болохоо л ухамсарлах нь чухал. Хамтран ажиллах, хөдөлмөрийн харилцаагаар холбогдох хувь хүн, хуулийн этгээдээс даатгалын эрсдлийн хамгаалалтыг нь анхаарч ажилладаг болох аваас эрсдлийг хамгийн бага байлгах давхар ашигтай болохыг нийт хүмүүст анхааруулж байна.
За тэгээд бизнес эрхлэх ажлын байраа ТҮРЭЭСЛЭН АВАХ, бизнест зайлшгүй харилцах Бэлтгэн нийлүүлэгчдээ сонгон жагсаах, хэрэгцээтэй боловч хэт үнэтэй биш ТАВИЛГА, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ худалдан авах, шаардлагатай ЗӨВШӨӨРӨЛ, ЛИЦЕНЗ олж авах, нэгэн чиглэлийн мэргэжлийн байгууллагад ГИШҮҮН-ээр элсэх зэргийг шийдэсний араас ёстой нөгөө лам энэ тэрээсээ асууж өөрөө сайн бодож байгаад БИЗНЕС ЭХЛЭХ ӨДРӨӨ товлоорой... Танд амжилт хүсье.
Илүү дэлгэрэнгүйг мэдэхийг хүсэх болон зөвлөгөө авах хэрэгцээтэй бол бидэнтэй холбогдоорой...
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 04:23